Алганы зураас үнэхээр хүний хувь тавиланг харуулдаг уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
90-ээд оны сүүлээр алганы хээгээр мэргэлдэг олонд танигдсан нэг эмэгтэй байлаа. Их дэлгүүрийн арын орон сууцнуудын нэгний орцны подвалд хүмүүсийн алгыг үздэг байв. Тэр эмэгтэй дээр миний багын найз дүүгээ үзүүлнэ гээд очлоо (дүү нь архи ууж бүтэлгүйтээд байсан байх). Гэтэл дүүг нь "удахгүй зам тээврийн осол" гаргана гэжээ. Үнэхээр ч удалгүй дүү нь зам дээр зогсож байсан чиргүүлтэй ачааны машины араас машинтайгаа орж хөл, гараа гэмтээв. Тэр үед би хүнсний мухлаг ажиллуулдаг байлаа. Хүмүүсийн худалдан авах чадвар маш муу, ашиг бараг олдоггүй байв. Би бас тэр эмэгтэйд очиж дэлгүүрийн хувь заяаг үзүүлэв. "Дэлгүүр дампуурна" л гэнэ. Дампуурлаа. Би гайхав. Яаж ирээдүйг алганы хээ, зураасаар олж хараад байдаг тухай өдөр шөнөгүй бодох болов. Ингээд тэр цагаас хойш олон жил өнгөрөхөд (боломж л гарвал тэр талаар уншиж, сураглаж, сонсож, судалсаар) өөрийн гэсэн ойлголттой болж авсан юм. Миний бодож байсан шиг биш аж. Тэд нарын гарт Түвд (Төвөд), Энэтхэг, Балбаас уламжлагдсан алга унших элдэв хуучин ном, судар орчихсон байж. Тэнд нь юу байдаг гэхээр хоёр гарын алгыг хоёуланг нь харьцуулж үздэг юм байна (зүүн гар өнгөрсөн цаг, баруун гар ирээдүй болон одоо цаг). Эхлээд ерөнхийдөө шинж тэмдэг, хэлбэр дүрсээр нь гал, ус, шороо, агаар гээд ялгана, дараа нь алга тус бүрийн хэсгүүдийг гарагуудын нэрээр нэрлэнэ, зураасуудыг нь эрүүл мэнд, зан авиртай холбосон байна. Эдгээрүүдийг нэгтгээд дундаас нь ямар нэгэн дүгнэлт гаргадаг бололтой. Хүний амьдралын хэв маягийг хялбархан олоод мэдчихдэг гэж би ойлгосон. Судалгааны хэрэгсэл бараг байхгүй, шинжлэх ухаан, техник технологи хөгжөөгүй байсан учир эрт дээр үеэс олон зуун жилийн турш үе дамжин гарын алгыг (ялангуяа Энэтхэгт) шинжлэн түүгээрээ нэр хүнд, давуу байдал олж авахыг нийгмийн хэсэг бүлэг хүмүүс оролддог байсан байх. Бас нэгэн чухал зүйл бол үг, төсөөлөл бодит зүйл болж болох тухай. Мууг ерлон зөгнөсөн үг, үйлдэл сонсож харвал муу зүйл болох магадлал өсдөг нь итгэл бишрэлтэй холбоотой. Сайн сайхныг ерөөж байвал эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл гарын алга үзэж байгаа хүнд та итгэсэн байх ёстой. Мэдээж гарын алга үздэг хүмүүс "Сэрэлт" киноны ах лам шиг биш л дээ. Тэд зөвхөн тухайн хүнээ л үзнэ, бас баримтлах номтой. Тэгэхээр тийм ч хий хоосон зүйл биш гэж бодож байна. Харин тэд нарт үзүүлэх үү? гэвэл би хэзээ ч үгүй гэнэ.