Сэтгэл гутралд орсон үедээ яах вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Амьдралд огцом өөрчлөлт гарч тэрэнд цочирдсон биш л бол юун түрүүнд энэ эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж бодож байна. Эрүүл биед саруул ухаан гэдэг үг байдаг биз дээ. Үнэхээр бид эрүүл бус амьдарч байгаагаас үүдэлтэй асуудал гэж бодож байна. Хөдөлгөөн дутагдах, буруу хооллох, бага унтах гэх мэт.
Дараагийн зүйл бол хүн хоорондын харилцааны асуудал. Бусдад өөрийгөө ойлгуулах чадвар дутагдах явдал. Өөрийгөө зөв ойлгуулж чадвал ямар ч хүн ойлгодог. Өөрийгөө буруугаар ойлгуулах зүйл огт хийхгүй байх, хийсэн бол тохиромжтой үеийг хүлээж байгаад аятайхан тайлбарлах. Тэгээд дээр нь мэндэлж сурах. Сайн уу, өглөөний, өдрийн, оройн мэнд. Уучлаарай, баярлалаа, сайхан амраарай, баяртай гэх үгнүүд хүмүүсийн харилцааны үгсийн санд заавал байх ёстой. Энэ бол хүний нийгэм. Хаашаа л харна хүмүүс. Юу л хийнэ, хүмүүстэй ажиллана. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж нэг бас ухаалаг үг байна. Энэ бол хүн хэрэлддэг, мал өшиглөлцдөг гэсэн утгатай үг биш. Мал хөлөөрөө, хүн хэлээрээ амьдардаг гэсэн утгатай. Бусадтай харилцаж сурсан байхад амьдрал арай дээр болно.
Нөгөө нэг анхааралдаа авах зүйл бол тэвчээр. Сэтгэл гутралыг гал унтраах маягаар тэр дор нь түр зуур намдаах нь байдлыг улам дордуулна. Ямар нэг зүйлээс болоод бачимдаад уйлж байгаа хүүхдэд гар утас бариулаад зайрмаг өгөхөд баярлах нь мэдээж. Гэхдээ дараа нь тэр хүүхэд гар утас үзэж зайрмаг идэхгүйгээр аз жаргалтай байж чадахаа болино. Тодорхой хэмжээний дэг журам байх ёстой. Хэт дураараа өссөн хүүхэд өглөөний цайгаа тайван ууж чадахгүй. Насанд хүрсэн хүмүүс ч адилхан. Хэн нэг нь эсвэл өөрөө өөрийгөө үргэлж баярлуулж байхгүй бол сэтгэл санаа нь тогтворгүй болдог. Хүн угаасаа байгалиасаа аз жаргалын мэдрэмж хайдаг. Алдсан бол нөхөх гэж оролддог. Тэр алдсан зүйл нь материаллаг зүйл байх албагүй л дээ. Гэхдээ хэмжээ хязгаар байх ёстой. Өөрийнх нь сэтгэл санаа яагаад ийм байна, юунаас болов, миний дотор яг юу болоод байна гэдгийгээ ойлгох нь чухал. Ойлгосон тохиолдолд кино үзэж зайрмаг идэх биш арай өөр арга хэрэглэх байсан болов уу.
Эрчүүд амиа хорлох нь харьцангуй их гэдэг ч сэтгэл гутралд эмэгтэйчүүд их ордог. Эрчүүд ихэвчлэн санхүүгийн асуудлаас болж хэсэг хугацаанд гутардаг бол эмэгтэйчүүд байнга сэтгэлийн гутралтай явдаг, байгалиасаа тийм. Тэд зүгээр тоодоггүй юм. Гэхдээ тоодоггүй байдал нь хэдэн зүйлээс шалтгаалж байдаг.
Хэрэв сэтгэл гутралд орсон тухайн хүн туйлын залхуу биш бол, тэвчээр муутай биш бол, удамшлын ямар нэгэн өвчинтэй биш бол, бага наснаасаа эцэг эхийн зүгээс авсан гэр бүлийн хүмүүжил нь буруу байгаагүй бол шийдэх үнэхээр амархан. Түүнд бага зэрэг мэдлэг олгоход л болно. Юу гэхээр, өөртэйгээ хэрхэн ажиллах тухай олон ном хэвлэгдсэн байдаг ба тэдгээрээс заримыг авч уншвал амьдралыг тэс өөрөөр хараад эхлэх ч юм билүү?
Хорвоо ертөнц бол гайхамшигтай оньсого. Тэнд байх хүмүүний амьдрал тэмцэл дээр тогтдог (амьдрал хайр дээр биш тэмцэл дээр тогтоно). Хүн өдөр бүр эсийн түвшиндээ ч тэр оюун санаа хувьд ч үхэж бас шинээр төрдөг. Тэр нь ч зөв юм. Учир нь тэгэхгүй бол хуучирсан бүхэн биед бугшин овоорч үхэлд хүргэх юм. Харин оронд нь эерэг шинэ бодол, шинэ санаа, шинэ хүн, шинэ орчин бий болоход амьдрал нь утга учиртай болно. Шинэ эд эс төрнө гэсэн үг. Ингэхийн тулд чадахгүй байсан ч хичээх юм. Амьдрал ингэж л үргэлжилдэг. Гэхдээ дургүй зүйлтэйгээ зууралдана гэсэн үг биш. Майкл Жексон "Би шинэ дуунд дуртай" гэж хэлсэнийг бид бодоод байдаг юм. Шинэ дуу гоё байх албагүй, хуучин дуу болгон уйтгартай биш. Гэвч түүний хэлсэн санаа нь шинэ дуу шинэ мэдрэмжийг бий болгодог тухай байж.
Сэтгэл гутралд орсон үедээ хэтрүүлэн иддэг зуршилтай хүмүүс байдаг бол өдөр шөнөгүй архи уудаг хүмүүс ч байна. Угтаа бол энэ нь байдлыг улам дордуулах юм. Мэдсээр байж тэгдэг гэнэ. Тэгэхээр тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр чухал байх нь уу? Тэмцэл тэмцэл бас дахин тэмцэл гэвэл зөв байх. Сур сур бас дахин сур ч утга учиртай үг. Лениний "хөдөлмөр хүнийг бий болгосон" гэдэг ч үнэн үг.