"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-01-01T21:50:44+08:00

    Бүх зүйл өөрчлөгддөг. Өөрчлөлт бол амьдрал үргэлжлэхийн нэр. Хуучин зүйл байнга устан үгүй болж шинэ зүйл бий болон туршигдаж байдаг. Хэрэв аливаа зүйл өөрчлөгдөхгүй, идэвх муутай бол тухайн зүйл устан мөхөж буйн эхний шинж тэмдэг болно.

    Юун түрүүнд нийгэм өөрчлөгдөхийн тулд хүн өөрчлөгддөг. Хүн яаж өөрчлөгддөг вэ гэхээр эхлээд тэр хүн мэдлэг олж авна, дараа нь түүнийгээ амьдралд хэрэгжүүлнэ, тэгээд түүнийгээ дадал зуршил болгон хувиргадаг. Эцэст нь дадал зуршил нь хувь заяаг бүтээдэг. Мэдлэг нь хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд бий болдог гэдгийг хүн бүр мэдэх байх. Гэхдээ хүн бол генийн түвшинд гоц ухаантай амьтан. Тэрхүү гоц ухаан нь ер бусын нарийн зохион байгуулалттай хүний нэгдлийг бий болгож өөрийн гэсэн бүхэл бүтэн шинэ ертөнцийг (оюун санаа болон ахуй) бий болгосон нь одоогийн бидний амьдарч буй энэ нийгэм. Өөрөөр хэлбэл өөрчлөлт бол зайлшгүй зүйл. Та өөрчлөгдөхгүй гэвэл бусад нь өөрчлөгдөнө. Нэг зүйлийн потенциал, хүч чадал, нөөц боломж дуусгавар болж хуучирсны дараа бий болдог үзэгдэл. Гэхдээ өөрчлөлт шалгууртай байх ба хохирол, золиос дагуулдаг. Шинэ нөхцөлд тэнцэхгүйг нь тоглоомоос хасаж, шинэ төрлийн чадвар, зан үйл, дэг журамд тохирох хүмүүсийг аливаа өөрчлөлт бүхэн хайдаг. Үр дүнд нь хүн болон нийгэм хэсэг хугацаанд учраа олохгүй сандардаг бөгөөд эцэстээ тогтворждог. Нэгэнт тогтворжсон хойно тодорхой хэмжээний ололт амжилтад хүрсэн мэт байх боловч хажуугаар нь бас маш олон зүйлийг алдсан байдаг. Харамсалтай нь хорвоо ертөнцийн ажиллах зарчим нь өөрөө ийм юм.

    Нийгэм нь улс төрийн тогтолцоо, үнэт зүйл, соёлын өөрчлөлт (гадны эсвэл гадны бус нөлөөгөөр) хийж болно. Тэгэхээр нийгмийн өөрчлөлт гэж ердөө тоглоомын дүрмээ өөрчлөх тухай юм. 1990 оны Ардчилсан хувьсгал бол нийгмийн өөрчлөлт мөн. Манжийн дарлалд орсон, түүнээс гарсан, Зөвлөлтийн дагуул улс болсон нь бүгд нийгмийн өөрчлөлт. Дэлхийн 2-р дайн ба Хүйтэн дайны ялагч гүрнүүдийн нөлөө дэлхийн улс орон болгонд (зөвхөн манайд ч биш) мэдрэгдэж буй. Тэд яагаад өөрсдийн улс төрийн тогтолцоо, үнэт зүйл, соёлоо бусдад тулгаж байна гэхээр тэд дэлхийн (дайнуудын) ялагчид юм. Хэн ялна, тэр дүрмээ тогтооно, хэрэгжүүлнэ, түүхийг бичнэ. Тийм болохоор тэдгээр гүрнүүдтэй тэрсэлдсээр буй зарим улсуудыг үл тооцвол дэлхийн ихэнх улс орнууд (Монголыг оролцуулаад) тийм ч айхтар өөрийнхөө хувь заяандаа эзэн болж чадахгүй байгаа юм. Хэрэв бид эх орондоо өөрсдийн түүхийн турш хуримтлуулсан оюун санааны үнэт зүйл, өв уламжлал, заншил, амьдралын философио нутаг дээрээ хэрэгжүүлэх гэж оролдвол манай хамгийн том зэсийн уурхайн хөрөнгө оруулагчид биднийг орхиж гарах бөгөөд хэрэв тийм зүйл болбол манай эдийн засагт ямар хүнд цохилт болохыг хүн бүр ойлгож байгаа байх.

Хариулт үлдээх