Аль нь илүү чухал вэ? Хувь хүний эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Манай либертари улстөрчид энэ сэдвээр хааяа ярьдаг боловч иргэдэд тэр нь эргэлзээ төрүүлдэг. Иргэд юу ч ойлгохгүй хоцордог. Учир нь буруу тайлбарладагт оршино. Тэд хэлэхдээ, "Хувь хүний эрх ашиг нь нийтийн эрх ашгийн дээр тавигдана," гээд хаячихдаг. Нэмэлт тайлбар хэрэгтэй байтал тэгээд л орхидог. Үнэндээ хувь хүний эрх ашиг нь нийтийн эрх ашгийн дээр шууд тавигддаггүй л дээ, бүр Америкт хүртэл. Яагаад гэдгийг доор өгүүлье.
Хувь хүний эрх чөлөөг хүний эрхээр дагнасан хуульчид хоёр хуваан авч үздэг. Тийм нэр томъёо ч байна. Нэгэнт хүний эрх гэдэг зүйл нь барууны онол учраас англи нэрээр нь бичмээр байв ч би хувьдаа гадаад нэр томъёо ашиглах дургүй болохоор шууд монголчлоод хэрэглэе. Хувь хүний сөрөг болон эерэг эрх чөлөө гэе л даа. Сөрөг эрх чөлөө нь өөрийгөө хамгаалах эрх, эерэг эрх чөлөө нь ямар нэгэн зүйл хийх эрх. Өөрөөр хэлбэл нэг нь дотогшоо хандсан бол нөгөөх нь гадагшаа хандсан байна.
Сөрөг эрх чөлөө буюу өөрийгөө хамгаалах эрх бол байгалиас заяагдсан эрх учраас ямар ч тохиолдолд зөрчигдөх ёсгүй. Та халдашгүй байх эрхтэй. Та амь насаа, эрүүл мэндээ, өмчөө, нэр хүндээ хамгаалах/хамгаалуулах эрхтэй. Эдгээр эрхээ эдэлснээр та бусдад төвөг учруулахгүй. Тийм болохоор нийтийн эрх ашгийн дээр тавигдана. Харин эерэг эрх чөлөө буюу ямар нэгэн зүйл хийх эрх бол бусдын эрхээр хязгаарлагдах ёстой учраас нийтийн эрх ашгийн доор тавигдана. Доор жишээ татъя.
Та байшингаа гадна талыг нь нэл ягаанаар будах боллоо гэж бодъё. Тэгвэл энэ нь тосгоны өнгө үзэмжид эсвэл имижэд муугаар нөлөөлөхөөр бол эсвэл нийт оршин суугчдад энэ нь таалагдахгүй бол хориглож болно. Ийм хууль зарим улсад үйлчилдэг болохоор энэ энгийн жишээг татав. Энэ бол таны эрх нийтийн эрх ашгийн доор байх ёстойг харуулсан зүйл мөн. Хэрэв Улаанбаатар хотын удирдлага үүнийг эрт ойлгоод шуурхай хөдлөн хуульчилсан бол манай нийслэл одоогийнх шиг ийм зах замбараагүй, өнгө үзэмж муутай, амьдрахад төвөгтэй хот болохгүй байх байлаа.
Х.Тэмүүжин нэгэн нийтлэлдээ хувь хүний эрх үргэлж нэгдүгээрт байх ёстой гэх утгатай зүйл бичсэн байсан л даа. Гэхдээ мань хүний санаа нь бол нийтийн сайн сайхны төлөө хүнийг хэлмэгдүүлэх боломжтой тухай, нийтийн эрх ашгийг хувь хүний эрх ашгийн дээр тавьж болохгүй гэж. Зөв л дөө. Хувь хүнийг нийтийн эрх ашгийн доор тавьчихвал шууд Хойд Солонгос болно. Тэнд бүх юм нийтийн сайн сайхны төлөө. Социализмийн үед тийм л байсан. Тэр үед нийтийн эрх ашиг гэж хийсвэр зүйл байлаа. Харин одоо тийм биш. "Чи юу дуртайгаа хий. Гол нь нийтийн эрх ашгийг зөрчиж болохгүй" гээд л гүйцээ.
Харамсалтай нь Монголд бараг хүн бүр нийтийн эрх ашгийг зөрчиж байна. Жишээлбэл амралтын талбай дээр барилга барих, явган хүний замыг хааж хашаа татах, дуртай газраа машинаа тавих гээд л хаашаа харна нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдлүүд. Үүнийг цэгцлэхгүй хэрнээ Сүхбаатарын талбай дээр жагсах гэхээр хөөж явуулаад байдаг нь сонин. Тэнд баахан лоозон барьж орилж байгаад л явна биз дээ, хэнд гай болсон юм бол?