Нийгмийн сүлжээний инфлюенсерүүд яагаад алдаатай бичдэг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Зориуд тэгдэг юм. Тэд алдаагүй бичиж чадна. Гэхдээ бидний бодож байгаагаас илүү нарийн учир шалтгаантай. Алдаагүй (найруулга сайтай болон дүрмийн дагуу) бичих үнэндээ тийм ч амар биш. Үнэндээ бол хүн болгоны хийж чадах зүйл биш юм. Монгол хэл, бичиг, соёл хүнд цаг үеэ туулж явна. Мэдээж бичиг үсгийг хэрэглэгч, хөгжүүлэгч эсвэл доройтуулагч нь бид өөрсдөө. Тэрнээс хэл бичиг өөрөө амьд биш. Үгийн баялаг дутаж болно. Харин санаатайгаар дүрэм зөрчиж бичнэ гэдэг буруу. Гэхдээ энэ байдал яваандаа засарна гэж би бодож байгаа. Юм өөрөө засрахгүй л дээ. Хүмүүс л засна. Засахаас өөр аргагүй нөхцөл байдалд цагийн эрхэнд тулж очно. Үүнд эргэлзэх хэрэггүй.
Ялангуяа Фэйсбүүк, Твиттерт цэгцтэй бичихгүй байгаа байдлыг өөгшүүлэгч бас нэг хүчин зүйл бол бичгийн соёлыг дутуу үнэлээд байгаа явдал. Хатуухан хэлбэл кирилл монгол бичгийг хүндлэхгүй байна. Хүндлэх хэрэгтэй шүү дээ. Сайхан, муухай ямар ч байлаа гээд энэ бол Монгол улсын албан ёсны бичиг. Бүх хүмүүс нэг стандартаар бичих ёстой. Зарим өгүүлбэрийг товчилж болно л доо. Гэхдээ дураараа бичих бол муухай. Зөв бичихээр хачин жигтэй уншигдаад байгаа бол бичгийн соёл "нохойн замаар" орж байна гэсэн үг. Хэрэв та өөрийгөө элит буюу нийгмийн дээд давхаргын хүн гэж бодож байгаа бол, таныг олон хүн дагадаг бол засахад хувь нэмрээ оруулах ёстой. Элитүүд нийгмээ чиглүүлдэг болохоос нийгэм нь замаасаа хазайхад нь дагаад хазайж явдаг хүмүүс биш. Элитүүд гэж зөвхөн урлаг спортод амжилт гаргадаг болон том хүлээн авалтад уригддаг, гольф тоглодог, Зайсанд амьдардаг баян тарган хүмүүсийг хэлэхгүй.
Хийж болохгүй зүйл гэж зөвхөн хуулинд байдаг юм биш. Амьдрал дээр ч хуулиар хариуцлага тусгагдаагүй хийж болохгүй зүйл олон бий. Тэрний нэг нь энэ. Хэрэглэж байгаа хэл бичгийнхээ талаарх ерөнхий ойлголт, баримтлах зарчим байхгүйгээс болоод цаг үеийн, түр зуурын хэв маяг, трэнд, хандлага, түүнийг даган гарах алдаа, завхралыг даван туулж хүүхэд залуучуудад үлгэрлэж зааж сургаж явах ёстой хүмүүс бол уг нь энэ инфлюенсерүүд буюу олон дагагчтай Фэйсбүүкчид болон Твиттерчид. Хэтэрхий ширүүн илэрхийлсэн бол уучилна биз.