"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2023-03-17T13:32:11+08:00

    Өвчин. Биологийн өвчин биш харин нийгмийн тогтолцооны өвчин. Нийгмийн тогтолцоог хүний организм гэж бодъё, тэгвэл авлига нь үйл ажиллагааг нь доголдуулж буй өвчин. Өвчин тусна гэдэг организм зөв ажиллахаа болихыг хэлдэг. Тэгэхээр авлига нь нийгмийн тогтолцоог гажуудуулж улмаар нийгмийн гишүүд болох иргэдийг зовоодог. Гэтэл бид нийгмийн тогтолцоог сайхан амьдрахын тулд байгуулсан байдаг.

    Нийгмийн тогтолцоог хууль, дүрмээр байгуулдаг. Хууль, дүрэм байхгүй бол бид адгуус болно. Тийм учраас бид бүгд хууль, дүрэмд захирагдан тав тухтай, аюулгүй орчныг бүрдүүлдэг. Хууль, дүрэмд захирагдахгүйгээр аж төрөх ямар ч боложгүй. Хууль, дүрмийг эрх мэдэлтнүүд бичиж баталдаг ч мөн чанартаа тэднийг бид сонгон гаргаж эрх мэдэл олгодог учраас бид өөрөө өөрсөддөө зориулж хууль, дүрэм зохион түүнийгээ бүгд биелүүлэхээр тохиролцсон нь энэ. Хэрэв хүн болгон хууль, дүрмээ ягштал биелүүлдэг байсан бол бидний амьдрал илүү дээр байх байлаа. Гэвч хууль, дүрмийг завхруулагчид (зөрчигчид) мундахгүй.

    Хууль, дүрэм гэж юу вэ гэвэл хоёр болон түүнээс дээш тооны хүмүүсийн дундын тохиролцоо юм. Жишээ нь гэр бүлийн хүрээнд ч хууль, дүрэм бий: Бие зассан бол усаа татна, усанд ороод тэвшээ цэвэрлэнэ гэх мэт. Үүнд хяналт тавих үүрэг авсан гэр бүлийн бас нэгэн гишүүн байж болно. Энэ бол гэр бүлийн дүрэм. Бүхэл бүтэн нийгмийн хувьд бол хууль гэдэг нэр томъёогоор явна. Тэгэхээр хууль, дүрэм хоёр утга нэг зүйл юм.

    Авлига бол хууль, дүрмийг зөрчих нөхцлийг бүрдүүлдэг. Хууль, дүрэм хэрэгжихээ болихоор эмх цэгц алдагдан орчин тойрон бохирдон, эмх замбараагүй болон, нэг үгээр бол "зэрлэгшин" тухайн газар амьдрах аргагүй болдог.

    Тэгвэл авлига яг яаж ажилладаг тухайд бол хууль, дүрмийн биелэлтэд хяналт тавих ёстой хүн  хууль, дүрмийг биелүүлэх ёстой хүнээс мөнгө авснаар авлига эхэлдэг. Өөрөөр хэлбэл цагдаад мөнгө өгөөд согтуу машин барих, эмчид мөнгө өгөөд илүү хүнд өвчтэй хүний урдуур дараалал дайрч орох, багшид мөнгө өгөөд юу ч сураагүй мөртөө онц авах, хотын даргад мөнгө өгөөд ногоон байгууламж байх ёстой газар байшин барих гэх мэтээр цааш урт үргэлжилнэ. Ингэснээр согтуу жолоочид хүн дайруулна, чадваргүй мэргэжилтнүүд төрнө, хотын ерөнхий төлөвлөгөө алдагдаж түгжрэл үүсэх нь мэдээж. Хотоор бол авлига нь хотын өвчин юм. Хот иргэдээс бүрддэг. Улс орон хувь хүн, тэгээд гэр бүл, дараа нь гудамж, хороо, дүүрэг, хотоос бүрддэг гэсэн үг. Ингээд авлига гэдэг зүйл ямар их хор хөнөөлтэй зүйл болох нь харагдаж буй. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлсийн эх булаг.

Хариулт үлдээх