"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Real One

Ayn rand гэх хүний талаар мөн түүний бичсэн номууд болон үзэл сурталд яагаад зарим хүмүүс дургуй вэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 1
    2022-09-28T22:00:51+08:00

    Октябрийн хувсгалын дараа Оросын шинэ төр (ЗХУ) хамжлагат ёс буюу феодализмыг устгах бодлого хэрэгжүүлж эхлэхэд Айн Рэндийн гэр бүл эмийн худалдаа эрхэлдэг байсан бөгөөд дундаж анги давхрагад багтаж байсан ч хөрөнгө хураах компанит ажиллагаанд өртсөн аж.  Айн Рэнд Санкт-Петербургийн (Петроградын) их сургуульд түүх, уран зохиол, философийн чиглэлээр суралцан түүхч мэргэжлээр төгсөөд Крымийн хойгт ажиллаж байгаад үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал байснаас тэндээсээ удалгүй Америк рүү дүрвэн гарчээ.

    Тэрээр Америкт очоод социализм, коллективизмийг шүүмжилж капитализм, индивидуализмийг сурталчилж бичдэг байв. Түүний үзэл санааны суурь нь "рационал" буюу ухамсарт (нөгөө тал нь "этик" буюу ёс суртахуунт) хувиа хичээх үзэл. "Хорвоо ертөнц танаас үл хамааран бие даан оршдог. Та яаж ч хүсээд, аль ч өнцгөөс хараад 2x2=4 хаана ч хэзээд зөв. Хүрээлэн буй орчин таны төлөө юу ч хийхгүй. Та л өөрөө өөрийнхөө төлөө хичээхгүй бол таны төлөө хэн ч хичээхгүй. Та байсан ч байгаагүй ч дэлхий эргэдгээрээ эргэнэ." гэж түүний санаа ерөнхийдөө эхэлдэг. Үүнийгээ тэрээр "объективизм" гэж нэрлэжээ. Тэгээд "Хувь хүнд нийтийн эрх ашиг гэсэн ойлголт байх боломжгүй, зөвхөн өөрийн эрх ашиг л гэж байх бөгөөд тэр хамгийн бодитой. Нийтийн эрх ашиг бол хийсвэр бөгөөд төөрөгдөл. Хүн хувиа хичээснээр амьдрал нь утга учиртай болж аз жаргалтай болох бөгөөд бүтээлч байх юм. Бусдын сайн сайхны төлөө зүтгэх (альтруизм) нь зовлонгийн эх үүсвэр. Аз жаргал нь сэтгэлийн таашаал мөн боловч тэр объектив байснаар зөв болно." гэх мэтээр бичдэг. Нэгэнтээ тэр "Ганц олдох амьдралаа та максимум аз жаргалтай өнгөрөөх ёстой." гэж байв. Эндээс дүгнэхэд Айн Рэнд бол Америкийн капитализмын төлөөлөгч болж байна.

    Шүүмжлэгчид түүний санааг хүн төрөлхтний хуримтлуулсан оюун санааны үнэт зүйлийн эсрэг дайсагнасан, уламжлалыг үгүйсгэсэн, "анархизм"-ыг сурталчилсан гэдэг аж. Тэднийхээр бол хүн төрөлхтөн өнөөдөр туулж өнгөрүүлсэн түүхэн алдаануудаасаа суралцаж байгаа ба хэт туйлширсан нэгдэл болох Марксизмыг ч, цөөнхийн дарангуйлал хаан засаглалыг ч, төрийн хяналт сул зэрлэг капитализмыг туршиж дуусаад илүү дээр системийг бий болгохоор чармайж буй гэнэ. Энэ тохиолдолд хувиа хичээх үзэл (эгоизм) болон коллективизмийн аль нэгээр нь явах боломжгүй гэж. Өөрөөр хэлбэл хувийн эрх ашиг болон нийтийн эрх ашиг гэсэн хоёр туйлаас тохиромжтой цэгийг олох ёстой гэж байна. Мөн түүнчлэн Айн Рэнд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэх ямар нэгэн гарц гаргалгаа олоогүй, ердөө хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд хувиа хичээх сэдэл, урам зориг өгөхөөс хэтрээгүй гэдэг. Энэ утгаар нь түүнийг нийгмийн зүтгэлтнүүдэд өгдөг элдэв шагнал урамшуулалд нэрийг нь дэвшүүлж байгаагүй байх. Гэхдээ их сургуулиудын философийн тэнхимууд түүний онолыг авч хэлэлцдэг бололтой билээ.

    Өөрийн бодлыг нэмэрлэхэд энгийнээр хэлбэл хөгжлийн тулгуурыг хүний хөгжил гэвэл түүнийг бүтээхийн тулд зохион байгуулалттай хамтралыг бий болгох хэрэгтэй болно. Түүнийг бүрдүүлж буй эд эс нь болох хүмүүс бид хувь хүн гэхээсээ илүү системийн код (бие хүн) болж хувирдаг. Систем нь биднийг хувийн эрх ашгаа хойш тавихыг санал болгодог. Энэ нь мөнгө, эд баялгийн тухай бодлоо түр эсвэл бүр мөсөн орхино гэсэн үг. Зорилгодоо их бага хэмжээгээр хүрсэн тохиолдолд хамтрал нь эд эс бүртээ үр ашгаа өгөх юм. Өөрөөр хэлбэл мөнгө, эд баялаг, хүндлэлийг зорилгоо болгож хүссэнээр тэр ирдэггүй, харин нөхцлийг нь бүтээснээр тэд өөрөө бий болж байдаг. Харамсалтай нь бид дор бүрнээ хувиа хичээснээр үүнийг хийж чадахгүй бөгөөд тэгснээр өөр өөрсдийн зам мөрийг хөөсөн сул дорой хувь хүмүүс болцгооно. Ингээд нэгдэж зохион байгуулалтад орж чадсан нөхдүүд биднийг шоолж дорд үзсэн харцаар "дээрээс" харах болно, бид тэдний өмнө сөгдөх дээрээ тулна.

    Шилдэг хариулт

Хариулт үлдээх