"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 21
    2022-02-06T18:12:43+08:00

    Ажил нь бүтэл муутай (ашиг орлогогүй эсвэл өрөнд орсон) эсвэл хувийн амьдрал нь ээдрээтэй (эхнэр нөхрийн харилцаа эсвэл өвчин зовлонтой) бол өчүүхэн зүйлээс болж уурлана. Учир нь гутрал, бухимдал, стрессийг ялан дийлж байдаг сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ хязгаартай. Тэр нь дээрх олон бэрхшээлүүдийг даван туулахад зарцуулагдаад бараг дуусчихсан байдаг гэж хэлж болно. Тийм нөхцөлд хүн өчүүхэн зүйлээс болж өөрийгөө хянаж чадахаа больдог талтай. Хэрэв та эсвэл хэн нэг нь ойр ойрхон, тогтмол цочир уурладаг болчихсон бол (өмнө тэгдэггүй байсан гэж байгаа бол) түүнд нөлөөлж буй өөр бусад хүчин зүйлс бий гэсэн үг. Тэдгээрийг олж тогтоон тусгайлан барьж авч шийдвэрлэх хэрэгтэй. Боломжгүй бол сэтгэл зүйчид хандсан нь дээр. Товчхондоо бол тогтворгүй, ширүүн авирлах, бусдыг гомдоох болсон шалтгааны уг үндсийг илрүүлэх шаардлагатай юм. Амжилт.

    • 14
    2022-02-06T16:59:11+08:00

    Ерөнхийдөө энэ бол өөрийгөө ялан дийлэх тухай сэдэв л дээ. Залхуурлыг, уур хилэнг, хүсэл тачаалыг ялан дийлэх шаардлага хүнд бий. Үүнд суралцахад мэдлэг боловсрол, дараа нь дадал зуршил эзэмших хэрэгтэй. Эхлээд уур бухимдал гэж юу болох тухай, яагаад уурлаж болохгүй тухай ойлголттой болж авах нь чухал.

    Гэхдээ огт уурлаж болохгүй гэсэн үг биш. Харин уурласнаас болж буруу зүйл хийхээс урьдчилан сэргийлэх тухай. Хүн л юм хойно уурлахгүй яахав, гэхдээ замбараагүй үг, үйлдэл гаргах биш өөрийнхөө сэтгэлийг цэгцтэйгээр бусдад ойлгуулж сурах явдал. Яагаад уурлах болсон шалтгаанаа эвтэйхэн тайбарлаж ойлгуулах хэрэгтэй.

    Хүн хэлээрээ, мал хөлөөрөө учраас үгний сонголтууд чухал. Шууд хэл амаар доромжилж доош нь хийж эхлэх нь өөрийгөө дийлж чадахгүй болсны шинж. Тиймээс хичнээн уур хүрч байсан ч нөгөө хүнээ бас бухимдуулахгүйн тулд зөв, ойлгомжтой ярихаас гадна хэрэглэх үг өгүүлбэрүүдийн утга санаа нь тод тунгалаг байх ёстой. Үг хэлсэн л бол тэр чинь нөлөөгөө үзүүлж л таарна шүү дээ. Заавал дотор нь доромж үг шургуулах, доромж санаа шингээх, чанга дуугаар ярих ямар ч шаардлага байхгүй. Хэрэв нөгөө хүн чинь чиний дотны хүн биш бол тэр хүнтэй цаашид тогтмол харилцахгүйгээс хойш заавал тэр хүнийг сэнхрүүлж хүмүүжүүлэх гэж оролдоод хэрэггүй байх. Зүгээр л орхиод явахад болно. Харин дотны хүн бол мэдээж хэрэг ярилцаж ойлголцох, цаг заваа зориулах хэрэгтэй болно биз.

    • 1
    2022-02-06T16:27:25+08:00

    Уур бол түр зуурын галзуурал. Галзуу хүн буруу зүйл хийх нь ойлгомжтой. Ухамсар тань сэтгэл хөдлөлөөсөө илүү хүчтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл ухамсар таны хувь заяаны эзэн байх ёстой болохоос сэтгэл хөдлөл таны амьдралыг хүссэн зүг рүүгээ чиглүүлээд байдаг байж таарахгүй. Тэгвэл та нэг л өдөр хүнд байдалд орно. Хүнээс бусад амьтад л рефлекс, сэтгэл хөдлөл, зөн совиндоо шууд хөтлөгдөн амьдардаг. Хүн бол тэгдэггүй. Хүн насан туршдаа сэтгэл хөдлөлөө хянаж амьдардаг. Тэр чадварынхаа хүчинд хүн нь бусад амьтадыг эрхшээдэг.

    • 0
    2022-02-06T15:38:09+08:00

    Энэ асуултад хариулж буй би өөрөө уур уцаараа хянах тал дээр тийм сайн биш. Гэхдээ уурлахгүй байх аргыг бол янз бүрийн эх сурвалжаас олж уншиж л явлаа. Уншиж мэдээд эсвэл зөвлөгөө аваад болчихдог зүйл биш юм билээ. Харин дадал болгох ёстой юм гэж ойлгосон. Хамгийн гол нь тэвчээр бас дахин тэвчээр. Хоёрдугаарт хэрүүл маргааныг эхлүүлэхгүй байх нь чухал. Эхлүүлчих л юм бол цаашаа автоматаар үргэлжилчихнэ гэж мэд. Тийм болохоор уурлахаасаа өмнө сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хэрэв хэлэх ёстой үг байгаа бол тайван, эелдэгээр, тоглоом шоглоомоор илэрхийлж болно. Цаад хүн чинь тэнэг биш болохоор таны хэлсэн үгийг бодож үзэх нь гарцаагүй. Чанга хашгирлаа гээд илүү сайн ойлгоно гэсэн үг биш (насанд хүрсэн хүмүүс бие бие рүүгээ өндөр дуугаар орилолдож байж ойлголцдог юм биш).

    Хэрэв зүрх дэлсээд бачуураад байвал омогшихоо хэдэн минутаар хойшлуулаад тэр хугацаандаа гүнзгий амьсгаа авангаа салхинд шуугиж байгаа зуны навчит ой модыг төсөөл (энэ миний арга бөгөөд яагаад ч юм тус нэмэр болдог юм). Мэдээж та уурлаж байна гэдэг нь харилцагчийн ямар нэгэн буруу үйлдлээс болсон байж таарна. Тийм болохоор харилцагчтайгаа зүгээр ярилцах хэрэгтэй. Ярилцаад нэг талд нь гарах шаардлагатай. Мэдээж тэгэхдээ уурлаж биш тайван замаар ойлголцох. Хүн угаас сэтгэлийн хөөрөл ихтэй амьтан учраас амьсгал түргэсээд, гар хуруу салгалаад байвал эхлээд тайвшираад авах хэрэгтэй болно. Би уурлах эрхтэй гээд өөрийгөө чөлөөлж болохгүй. Тэгвэл тэнэг зүйл хийгээд дараа нь харамсах болно. Өөрийн мэдэх туршлагаасаа хэллээ.

    • 0
    2022-02-06T16:33:30+08:00

    Эхлээд нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй байх. Юу гэхээр, уур уцаараасаа болж зарим хүмүүс насан туршдаа харамсаад барахгүй үйлдэл хийдэг. Яагаад гэвэл уур уцаар бол хүний амьдралын дайсан юм. Тийм учраас уураа барьж чадсанаар хүн эвгүй байдлаас өөрийгөө аварч гарч чадна.

Хариулт үлдээх