"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 7
    2023-03-09T17:43:02+08:00

    Хэрэв хэл яриа, бичиг үсэггүй, хийж бүтээдэггүй байсан бол хүн гэдэг амьтан хурц соёо шүд, хумстай, эсвэл эвэртэй, биеэрээ дүүрэн үстэй, дөрөв хөллөн хурдтай давхидаг байх байлаа. Яагаад гэвэл ухаан байхгүй бол байгаль нь органик зэвсэг заяадаг аж. Биеэс нь урган гарч буй тэдгээр ясан зэвсэгнүүд (хумс, шүд, эвэр) бол зүгээр ч нэг бий болдоггүй. Түүнийг өлсөж үхэхгүйн тулд эсвэл махчин амьтдад идүүлэхгүй байх байгалийн тэмцэл, шалгарал, зүтгэлээр аажим аажмаар удам, генетикт нь өөрчлөлт орон бий болдог болохоос зүгээр байж байтал гэнэт бий болчихсон эсвэл ямар нэгэн Бурхан гарч ирээд хийгээд өгчихсөн юм биш юм. Харин хүн ухаантай учраас хумс, шүд, эвэр, хурдан хөлийг өөр бусад зүйлсээр орлуулдаг болсноор байгаль биднээс тэдгээр заяамал зэвсгүүдийг хураагаад авчихсан хэрэг. Ингээд бид хоёр хөлтэй, хохимой толгойтой, удаан хөдөлгөөнтэй, шалдан нүцгэн болчихсон юм. Гэсэн ч биднээс бие махбодийн хувьд илүү хүчирхэг бусад төрлийн амьтадын дээр бид ноёрхож чадаж байна. Одоо бид өр хоорондоо ухаанаа уралдуулан тэмцэлдээд эхэлсэн. Анзаарагдахгүй байгаа ч энэ тэмцэл урт хугацаанд бас л бидний удам, генетикт өөрчлөлт оруулж л байгаа. Яваандаа бидний гавлын ясны хэмжээ улам том болох байх. Эхийгээ улам зовоож төрдөг болно гэсэн үг.

    Тэгвэл бид яагаад, юуны тулд өөр хоорондоо ухаанаа уралдуулан тэмцэлдэж байна гэхээр эхэндээ бид өдрийн талхны төлөө ажил хийдэг байсан бол хөгжих тусам хэрэглээгээ улам нэмэгдүүлэх, илүү тансаг хэрэглээнд шилжих гэсэн хүслээ гүйцэлдүүлэх гэсэн уралдаан болсон. Үр дүнд нь элит, дунд, ядуу давхарга бий болсон бөгөөд энэ гурван давхаргыг арилгах боломжгүй юм. Хүч хэрэглэн арилгавал амьдрал нь утгагүй болж тэмцэлгүй, зорилгогүй болно. Эцэст нь бид усан тэнэг болцгооно. Үнэндээ бүгд усан тэнэг болохгүй л дээ, тэжээдэг ба тэжээгддэг гэсэн хоёр давхарга үлдэнэ. Тэжээдэг нь илүү ухаантай.

    Гэхдээ өнгө мөнгө, эд баялагт шунахаас илүүтэйгээр анхаарал хандуулан шийдэх чухал асуудлууд байсаар байна. Энэ бол гэмт хэрэг, өвчин зовлон. Гэмт хэрэг гарсаар, өвчнөөр нас барцгаасаар байна. Тийм байхад бид амьдралын эрч хүчээ тансаг хэрэглээнд зарцуулах нь утгагүй хэрэг. Харин яах ёстой вэ гэхээр боловсрол, анагаах ухаан хоёрт бүх нөөцөө ашиглах юм.

    Дээрхээс дүгнэхэд амьдралын утга учир юу болж байна вэ? Амьдрал утга учир юу вэ гэдэг асуулт нь би юуны төлөө амьдарч байна вэ гэдэгтэй агаар нэг гэж би бодож байна. Мэдээж боловсрол, анагаах ухааныг хөгжүүлэн төгс төгөлдөр хэмжээнд аваачихын тулд бид нэгдүгээрт соёлтой, ёс суртахуунтай, мэдлэгтэй, хүмүүжилтэй, эв найрамдалтай, цэгцтэй, замбараатай амьдрах шаардлагатай.

    • 3
    2023-02-09T14:37:16+08:00

    Тэмцэл. Дайн тулаангүй энхийн цагт ч тэр тэмцэл. Амьдралыг амралт гэж бодсон цагаас нөхцөл байдал доройтно. Бид ерөнхийдөө амьдралынхаа турш тэмцсээр байгаад дуусдаг. Тэмцээгүйгээс тэмцсэн нь дээр байдаг. Тэмцсэнээр амьдрал арай л дээр болдог. Үүнд логик учир шалтгаан бий. Энэ талаар доор тодруулъя.

    Хүн ерөөс төрөлхийн тэмцлийн үр дүнд бий болсон амьтан, бусад амьтад ч ялгаагүй. Тэмцээд ялсан нь дэлхий дээр үлдэж, чадаагүй нь устан үгүй болсон. Энэ бол яахав хувьслын үндсэн онол. Харин бидний дутуу анхаардаг нэг зүйл бол хүний тархин дотор их зүйл өрнөдөг, бүр хэтэрхий их гэхэд болно. Бодлууд нь өөр хоорондоо дайтаж байдаг гэсэн үг. Бидний бодол динамик, хөдөлгөөн ихтэй, бужигнасан, эрч хүчтэй, давтамж ихтэй, цаг хугацаа нь хурдан. Бодол санаа, сэтгэл бие биенээ алж устгаж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болж магадгүй, гэхдээ л тийм. Өөрөөр хэлбэл бид цаанаасаа л тэмцэхийн төлөө төрсөн гэсэн үг. Тэмцэх хүртэл бидний бодол санаа биднийг зүгээр суулгахгүй тарчлаах бөгөөд тайван байлгахгүй. Зүгээр суусныхаа төлөөсийг ямар нэгэн байдлаар төлнө. Харин хөлс, цусаа гарган тэмцэж эхлэх үед тэр тайвширдаг нь хачирхалтай, бас харамсалтай. Энэ нь миний ойлгож байгаагаар сул дорой эд эсүүдийг үхүүлж шинэ эсүүдийг төрөх нөхцлийг бий болгож байх ёстой юм шиг.

    Та тэмцлийнхээ үр дүнг амсахгүй ч байж болно. Гол нь та тэмцсэн.

    Мэдээж бидний тэмцдэгийн шалтгаан одоо байгаа амьдралаа сайжруулах. Сайжрах нь гарцаагүй. Харин тэмцэхгүй бол гэрийн тэжээвэр гахай шиг таргалж дараа нь ялзарч үхнэ. Бусдаар тэжээлгэн тарвалзаж хэвтвэл бид сул дорой, уймраа, тэнэг, залхуу болж эцэстээ өвчний үүр болж дуусна эсвэл эрт орой хэн нэгний хурууны үзүүрт зарагдсан боол болно.

    • 2
    2021-09-22T02:13:04+08:00

    Товчхондоо бол бүгд хамтдаа аз жаргалтай амьдрах. Өөр онцгой зүйл байхгүй.

    Хүн угаас нийгмийн амьтан учраас ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ сайхан амьдрах ямар ч боломжгүй юм. Хамтын хүчээр амьдралаа сайжруулах, зовлон бэрхшээлийг даван туулахаас өөр замгүй.

    Сайхан амьдрахад саад болж буй асуудлуудыг хувь хүний, гэр бүлийн, компаний, улс үндэстний, олон улсын гэж ангилж болно. Тэнд яригддаг бүх сэдвийн үзүүрт аз жаргал л байдаг.

    Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлагийн салбараас шинээр төрж буй бүтээлүүдийг дэмжих, шагнах, урамшуулах бодлогыг тухайн улсын төр эвсэл олон улсын байгууллагууд баримтална. Зорилго нь амьдралыг сайжруулах. 

    Социализм, коммунизм, капитализм аль нь ч бай нийгэм ямар системээр явбал бид илүү аз жаргалтай болох вэ гэдэг сэдэв.

    • 2
    2022-02-10T02:59:42+08:00

    Амьдрал бол их эмзэг зүйл. Тэр хэдийд ч хагарч хугарахад бэлэн тийм хэврэг.  Нэг л буруу алхам хийвэл яг л даалуу нурахтай адил зовж хөдөлмөрлөж бүтээсэн зүйлс хормын төдийд нуран алга болно. Тийм болохоор үргэлж сонор сэрэмж, болгоомж өндөр амьдрахаас өөр замгүй.

    Амьдралын утга учир гэж байна. Амьдралаа та утга учиртай байлгахаас илүүтэй бүтээсэн амьдралаа нураахгүйн тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хэдий чинээ амжилтад хүрнэ төдий чинээ санаа зовох зүйлтэй болно. Гэхдээ нийгмийн хог шаар болж явснаас дээр.

    • 2
    2023-05-10T21:03:11+08:00

    Энд яригдаагүй нэг зүйл байх шиг байна. 80 нас хүрээд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж хараад харамсахгүй бол болж байгаа нь тэр - Жефф Безос. Санаа нь хэрэглэгч биш харин бусдад үйлчилгээ үзүүлэгч гэдгээрээ хүн өөрөөрөө бахархах ёстой гэж. Яахав бизнесмэн хүний сэтгэлгээ байх л даа, гэхдээ л түүний энэ үг надад их таалагддаг.

    • 1
    2023-02-09T17:35:51+08:00

    Эхлээд амьдрал гэж өөрөө юу болох тухайд төвлөрье. Төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртлээ тэр хүн хэрхэн амьдарсан бэ? Энэ тэр хүний амьдрал байв. Аз жаргалтай эсвэл зовлонтой амьдарсан байж болно. Гэхдээ хүмүүс сайхан амьдрахыг илүүд үзэх байх. Тэгвэл сайхан эсвэл муухай амьдрал гэж юу вэ гэвэл энэ бол мэдрэмж. Толгой дотор өрнөдөг үйл явц. "Амьдрал сүйрлээ" гэж ярьдаг нь хүн хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй болохыг хэлж байгаа юм. Тэгэхээр амьдрал гэж "сонголт" болж байна. Шинжлэх ухааны талаасаа бол биологийн процесс, эсийн хуваагдал гэх мэтээр тайлбарлах байх, харин шашнаар бол Бурханы ивээлд багтах ч юм уу.

    Хүн бүр яаж амьдрахаа сонгодог. Зарим нь албатай мэт улс төр рүү орон элдэвээр хэлүүлэн явдаг бол зарим нь хувиараа бизнес эрхэлдэг, харин зарим нь тогтмол цалинтай ажил хийн тайван амьдрахыг эрхэмлэдэг. Энэ бол тэдгээр хүмүүсийн сонгосон амьдрал. Хамгийн энгийн жишээгээр бол таны зочилсон айл болгон өөр өөрийн онцлогтой - гэр орных нь үнэр танар, өөр хоорондоо харьцаж байгаа байдал, эмх цэгц, хүүхдүүдийнх нь хүмүүжил гээд олон зүйлээс нь ямар амьдралтайг нь олж харж болно.

    Амьдралын утга учрын тухайд үнэндээ "утга"-саад байх зүйл байхгүй л дээ. Хүмүүс өөрсдөө тэрийг бий болгох ёстой. "Эцэстээ үхэх л юм бол амьдрах ямар хэрэгтэй юм бэ?" гэж хүмүүс асуудаг нь үхлээс айж байгаа хэрэг. Үхлээс айх хэрэггүй, амьдралаас айх хэрэгтэй. Би ч үхлээс айдаг, гэхдээ зүрх зогсох хүртэл амьдрал үргэлжлэх учраас амьдрал нь илүү аймшигтай юм. Тийм болохоор үхлийн тухай бодлоо толгойноосоо бүрэн авч хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ айдас насан туршид дагаж явах болно. Амьдралд муухай зүйл олон ч сайхан зүйл бас олон.

    • 1
    2023-03-14T12:39:23+08:00

    Бид үргэлж ингэж асуух болов ч хариултыг нь хайгаад олдоггүй юм. Том зургаар нь "Хүн төрөлхтөн яг хаашаа явж байна вэ? Бид юунд хүрэх гээд ийнхүү зовж зүдрэн амьдарч байна вэ?" гэж асуудаг. Гэвч үүнд хариулт байдаггүй. Бид хариултыг нь санаанаасаа (шашин) зохион өөрсдийгөө хуурах болов ч үнэндээ байдаггүй.

    Тэгвэл эндээс нэг дүгнэлт гарч ирнэ. Хүн төрөлхтөнд залж чиглүүлэх, сайн зүйл хийвэл шагнах, буруу зүйл хийвэл шийтгэх эцэг эх байхгүй өнчин хүүхэд шиг өрөвдөлтэй. Өөрийнх нь хувь заяа зөвхөн өөрийн толгой дээр. Бид ердөө олуулаа учраас бие биенээ (мөнгөөр) зугаацуулан уйдах завгүй байгаа юм. Яг ганцаараа өөрөө өөртэйгээ үлдэх цаг мөчид үүнийг мэдэрдэг. Хэн нэгэн ойрын хүн нь нас барахад, гэр бүл нь салахад ажил төрөл нь бүтэхгүй тохиолдолд мэдэрдэг. Тийм учраас бид зовлон жаргалаа хуваалцан элдэв уулзалт, цуглаан зохион байгуулж, царайнуудаа харцгаан сэтгэлээ дэвтээдэг.

    Ингээд бид ядаж л зовлон багатай амьдарч байгаад үхэцгээхийг л амьдралын утга учраа болгосон юм. Тийм учраас бид хамтралыг бий болгон аюул багатай, тав тухтай орчныг бүрдүүлж эхэлсэн. Энэ бол соёл иргэншил. Цаашид улам төгөлдөржүүлэх зорилготой. Сайжруулах үйл явцад хувь нэмрээ оруулсан нэгнээ олон нийтээс (төрөөс гэсэн үг) шагнаж урамшуулдаг, гай болсон нэгнээ шийтгэж шоронд хийдэг. Бид өөрөө өөрсөддөө бурхан. Бидний амьдралын утга учир энэ хүрээнд л буй. Нийгмийг хувь хүмүүс бүрдүүлдэг тул та энэ хамтралын салшгүй нэг хэсэг.

    Одоо хүн төрөлхтөн, нийгэм гэж ярихаа болиод таны, миний амьдралын утга учир юу вэ гэе. Тэр тохиолдолд ялгаагүй, олон нийтэд хэрэг болох, мөн өөртөө ч хэрэг болох ямар нэгэн зүйлийг олж хийх юм. Мэдээж та тэр үйлдээ дуртай байх ёстой. Нийгэмд байр суурь эзлээд бусдын хүндэтгэлийг олж авах хэрэгтэй. Баян болохыг хүсдэг бол тэр л биз. Амьдралын утга учир гэх ямар нэгэн тэнгэрийн юм бол байхгүй. Амьдралын утга учраа бид өөрсдөө бий болгодог аж.

Хариулт үлдээх