"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2025-02-03T21:56:04+08:00

    Бясалгах гэдэг нь оюун бодлоо цэгцлэх тухай. Юунаас болоод оюун бодол замбараагүй болдог гэхээр, хувийн зохион байгуулалт муутайгаас. Бясалгалыг юу ч бодохгүйгээр хийх боломжгүй. Эсрэгээрээ их юм бодно. Юун түрүүнд орчноо эмх замбараатай болгох ёстой. Өрөө тасалгаагаа цэвэрхэн, эмх замбараатай болгоно гэсэн үг. Яагаад гэвэл бодол санаа, орчин хоёр хоорондоо холбоотой, харилцан уялдаатай байдаг. Орчин муухай бол бодол санаа бас тийм л байна. Гэхдээ өөрийгөө дайчлахдаа бухимдаж болохгүй. Ажлыг үе шаттай, дэс дараатай, эмх цэгцтэй, тайван гүйцэтгэх ёстой. Эд зүйлсээ геометрийн эрэмбээр байршуул. Төгсгөлд нь бус, харин гүйцэтгэх явц дунд таны тархинд шинэ оч үүснэ. Үр дүнд нь гадаад, дотоод хоёр ертөнц толины тусгал мэт (симметр) болно. Энэ нь хүнийг тайвшруулж эрүүлээр сэтгэхэд тусална.

    Өөрийн дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй. Өдөр бүр шүү. Хүний дотор хоёр субъект байдаг. Нэг нь ухамсар, нөгөөх нь хуял тачаал. Хуял тачаал хүчтэй бол түүнийг дийлэх хэцүү. Танаас асар их тэвчээр шаардагдана. Хуял тачаалыг ялахын тулд та өөрийгөө албадах ёстой. Нэг үгээр өөрийгөө ДАРАНГУЙЛ. Өөр ямар ч арга байхгүй. Оюун санааны ардчилал гэж байхгүй, дарангуйлал гэж л бий. Дарангуйлал тогтоо. Бүү бод, эргэлз, зүгээр л хий. Шууд босоод хий. Өдөр бүр ямар нэгэн юм бүтээ. Хийх юм байхгүй гэж байдаггүй, хийх юм заавал олдоно. Шийдэх шаардлагатай асуудал байнга оршин байдаг. Ингэж чадвал стресс арилна. Шалтгааныг доор сийрүүлэв.

    Нэг голын усанд хоёр удаа сэлэх боломжгүй - Гераклит. Юу гэхээр, та зүгээр сууж хэрхэв ч болохгүй гэсэн үг. Учир нь таны орчин зогсолтгүй урсаж байдаг. Хоцорвол та өмхийрнэ. Хүний организм хүртэл адил, судсаар цус зогсолтгүй урсаж тархинд нейронууд асаж байдаг. Тайвшрах ямар ч арга байхгүй. Гадаад болон дотоод орчны хөдөлгөөнүүдийн хурд ойролцоо байвал сайн. Сэтгэн бодож эсвэл биеийн хөдөлгөөн хийж завгүй байхгүй бол баланс алдагдана.

    Ертөнц бол хүн шиг өөрийн гэсэн тодорхой нэг зан авиртай. Тэр нь аажмаар хувирч өөрчлөгддөг. Харин бид олон янзын зан авиртай төрдөг. Харамсалтай нь цөөхөн хэд нь зан авирын хувьд ертөнцтэйгээ нийцэж амьдардаг. Тэдгээр хүмүүс хорвоогийн юмс бидний оюун санаатай хэрхэн холбогдож, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байдгийг ойлгодог. Тэд үзэхдээ, ертөнц тэр чигээрээ бидний дотор багтана, та ямар үйлдэл хийнэ тэр тийм л болно гэдэг. Өөрөөр хэлбэл хүссэн аливаа зүйлээ бодит болгохын тулд эхлээд ямартай ч үйлдлээрээ үзүүлэх ёстой аж. Бүтэх үгүй нь хамаагүй, гол нь эхлүүлэх тэгээд үргэлжлүүлэх. Гарах үр дүнд нь санаа зовох шаардлагагүй. Зөв гэж бодсон зүйлээ хийж байхад болно. Тийм учраас би нүдээ анин завилж суугаад өнгөрсөн ирээдүйн зовлон жаргалаасаа салж тархиа цэвэрлэж сэтгэлийн амар амгаланг олж чадна гэж бодохгүй байна. Энэ бол хийх ажилгүй хүмүүсийн зан үйл. Хүн амьд сэрүүн байгаа цагт амар амгалан болж өнгөрсөн ирээдүйн зовлон жаргалаас салахгүй. Зөвхөн нойроо бүтэн авч (унтаж) организмаа бүтэн амраах боломжтой. Өнгөрсөн таагүй дурсамжаасаа зугатах тусам тэр дагана, харин зоригтойгоор түүнтэй нүүр тулан уулзах тусам бүдгэрч утга учир нь алдагдана. Ирээдүйн тухайд бол эсрэгээрээ, тэр болоогүй учраас тааварлашгүй оньсого. Оньсоготой юу ярих вэ, тэр тухай бодох шаардлагагүй. Одоо цаг бол бурханы бэлэг, амьдралын утга учир. Одоо цагаа хайрлаж байх хэрэгтэй, тэр ирээдүйг тодорхойлно. Одоо цаг хамгийн чухал, бидэнд байгаа бодитой ганц зүйл. Бусад нь хий хоосон зүйл. Ингээд өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүйн тухай санаагаа чилээх хэрэггүй юм.

Хариулт үлдээх