"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2023-05-10T21:36:27+08:00
    1. Өөрийнхөө хязгаарыг давах, чадаж байгаагаасаа илүүг чадах. Өөрийгөө бусадтай бүү харьцуул, харин өчигдрийн өөртэйгээ харьцуул.
    2. Удаан ч гэлээ зогсолтгүй урагшлах (бид явж байна, Бээжин сууж байна).
    3. Хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ дуртай байх. Хүрэх цэгт нь гол анхаарлаа хандуулах биш аялалд нь дуртай байх. Тэгэхгүй бол замын дундаас буцна.
    • 0
    2022-04-29T18:45:26+08:00

    Амжилтын тухай ярихад цаг хугацаа болон түүний үнэ цэнийг гарцаагүй ярих шаардлагатай болдог. Учир нь аливаа амжилтад хүрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Харин бид тэр цаг хугацааг яаж богиносгох талаар ярилцах ёстой юм. Үгүй бол амжилтын тухай ярих утгагүй.

    Тэгэхээр амжилтын үндэс бол мэдлэг. Мэдэхгүйгээр юу ч хийх боломжгүй. Хөдөлмөрч зан, тууштай байдал хангалтгүй. Үйл ажиллагаа зөв явах ёстой. Ямар нэгэн зүйлийг зөв хийхэд мэдлэг шаардагдана. Мэдлэг нь алдаануудаас бий болсон туршлага. Алдаа гаргаж туршлага хуримтлуулснаас туршлагатай хүнээр заалгаж авах нь туйлын ухаалаг. Тэгснээр цаг хугацааг хэмнэх юм.

    Гэхдээ бүх юм өөрийн цаг хугацаатай. Эхлүүлсэн ажил төлөвлөгөөний дагуу зөв явагдаад ч цагаасаа өмнө дуусах боломжгүй. Хүлээх хэрэгтэй. Тийм учраас ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг зарчмыг баримтлах нь дээ.

    • 0
    2022-12-25T00:21:54+08:00

    Амжилтын үндэс бол энэ хорвоог хөдөлгөж байдаг сэтгэлийн хөдөлгөөн гэж нэг юм бий. Авъяас ч биш, хөдөлмөрч чанар ч биш, мэдлэг ч биш. Сэтгэлийн хөдөлгөөн яаж ажилладаг нь их сонин. Тэр маш их энергитэй. Тэр нь дундрашгүй. Ерөөс бүхнийг хөдөлгөгч хүч бол сэтгэлийн хөдөлгөөн юм. Хэрэв бид сэтгэлийн хөдөлгөөнгүй байсан бол бид амьдралын тэмцэлгүй болж юу ч хийхгүй, бидний гараас юу ч гарахгүй байх байв. Бид угаасаа сэтгэлийн хөдөлгөөний бүтээл. Шунан тачаадан уйгагүй зүтгэсний үр дүнд бид ямар нэгэн сайн эсвэл муу юманд хүрдэг. Амжилт доройтол хоёр нэг л зүйлээс үндэслэнэ, тэр нь сэтгэлийн хөдөлгөөн. Асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэхгүй гэж бид их ярьдаг боловч бид үргэлж сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд ханддаг. Үүнийг яах ч арга байхгүй. Ямар нэгэн зүйлийг хязгааргүй ихээр хүсэж байвал та түүнд эрт орой хүрч л таарна гэсэн. Хэн ч юу ч таны замд саад хийж чадахгүй. Замдаа алдаж ононо, гэхдээ л хүрнэ. Магадгүй та бүр тэрхүү зүтгэлээсээ болж гай гамшгийн дундуур туучин явахдаа мөхөж болох ч таны сүнс тайвшрахгүй бөгөөд дараа төрөлдөө үргэлжүүлэн тэмцэх юм. Үүнийг л амжилт гэж нэрлэнэ. Хэн нэг нь гайхамшигтай амжилтад хүрсэн бол ийм л замаар хүрсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Амжилт өөрөө ирдэггүй. Амжилтыг галзууртлаа хүсэн мөрөөдөж байж бий болгодог. Тэгэхээр амжилтад яаж хүрэх тухай олон ном уншаад болчихдоггүй аж. Гол нь түүний сонирхол, зан ааш ямар вэ, аль цаг үед төрсөн бэ зэрэг зүйлээс их хамаарч байдаг. Ингээд бас аз гэдэг зүйл хамт явдаг болж таарч байна. Зөв цагт, зөв цагт төрсөн бол амжилт гарцаагүй. Хэрэв өөрт тань тийм аз тохиогоогүй гэдгээ ойлговол юу хийх ёстойгоо та надаар хэлүүлэлтгүй мэднэ гэсэн үг.

    • 0
    2024-01-13T16:02:58+08:00

    Амжилт гэж аливаа тэмцэлд ялахыг хэлнэ. Яагаад гэвэл амьдрал бол тэмцэл. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчөөсөө илүү гарах, бусдыг гүйцэх, түрүүлэх.

    Тэгвэл юуны төлөө бид өөр хоорондоо тэмцэлддэг вэ? - Нөөц, баялгийг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авах.

    Нөөц баялаг тийм чухал уу? - Чухал. Дэлхийн бүх дайн нөөц баялгийн төлөөх тулаан байсан, цаашид ч тийм байна байх. Тэдгээр дайнуудыг эрчүүд хийдэг. Зовлон, үр дагаварыг нь хүүхэд эмэгтэйчүүд амсана.

    Амьтанаас ялгаатай нь хүн "хог новш" ихтэй. Ерөнхийдөө хог новштойгоо зууралдсаар хүн насыг бардаг жамтай. Тэдгээр хог новшоо эмх цэгцэнд оруулах боломжтой. Эмх цэгцтэй хог новш бол баялаг. Тэгэхээр амжилтын үндэс бол эмх цэгц.

Хариулт үлдээх